ТОВЧ ТҮҮХ                                                                                        

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 01-ны өдрийн 216 дугаар тогтоолоор пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан 1993 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нэртэй болж, одоог хүртэл хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьжиргааны арга ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор дүрслэх урлаг, техник технологийн чиглэлээр сургалт явуулж, нийт 10000 гаруй хүүхэд багачуудыг өөрсдийн хүсэл сонирхлынх нь дагуу зохих мэдлэг, чадварыг эзэмшүүлж, сурган төгсгөөд байна.

Манай төвийн барилга нь анх 1958 онд ахмад архитектурч Б. Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсан барилга бөгөөд сонгодог архитекторын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг билээ. Төр, олон нийтийн зүтгэлтэн, гадаад орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, зохион байгуулагдаж буй үзэсгэлэн уралдаан, хийсэн уран бүтээлийг нь үзэж, монгол хүүхдийн авьяас чадвар, нөөц бололцоо, ур ухааныг гайхан биширдэг.

Иймд бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжлийг дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв чиглүүлэх, арга техникт сургах замаар мэргэжлийн чиг баримжаа олгож, өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд бүрийн төлөө хичээн ажиллаж байна.    

БАЙГУУЛЛАГЫН ЭРХЭМ ЗОРИЛГО, ҮНДСЭН ЗАРЧИМ

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь “ӨВ СОЁЛОО ДЭЭДЭЛДЭГ БҮТЭЭЛЧ МОНГОЛ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ” эрхэм зорилго дэвшүүлж, хүүхдийн хүсэл сонирхолд нийцүүлэн авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө хүүхдийн эрхийг дээдэлсэн ардчилал, шударга ёс, ил тод байдал, хамтын удирдлагын зарчимд тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж байна.

            Энэхүү эрхэм зорилгын хүрээнд дараах стратегийн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

  • Сургалтын цар хүрээ, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Олон улсын байгууллагатай хамтран Нийслэлийн алслагдсан дүүргүүд болон хороодод төвийн салбар дугуйланг нээн ажиллуулах
  • Төвийн дугуйланд хамрагдах хүүхдийн тоог нэмэгдүүлэх
  • Байгууллагын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Олон улсын наадам, үзэсгэлэн, уралдаанд багш, сурагчдыг идэвхтэй хамруулж, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.
  • Жил бүр уламжлал болон зохиогддог багш, сурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг Монгол улсад суугаа Элчин Сайдын Яамдуудтай хамтран зохион байгуулах
  • Төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран олон талт соёлын арга хэмжээг санаачлан зохион байгуулах
  • Олон улсын болон улс нийслэлийн хүрээнд үндэсний өв уламжлалыг хүүхэд багачуудад сурталчлан таниулах ажлыг шат дараалан зохион байгуулах
  • Хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, болзошгүй аюул ослоос хамгаалах зорилгоор сургалт зохион байгуулж, Хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэн ажиллах
  • “Хүүхдэд ээлтэй-Урлан” аяныг санаачлан, хүүхдийн хөгжлийг дэмжин ажиллах
  • Гадаад, дотоодын нөөц бололцоонд тулгуурлан сургалтын орчныг сайжруулж шаардлагатай анги танхимыг сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах
  • Төвийн багш нарын мэргэжил, ур чадварыг сайжруулах зорилгоор гадаад, дотоодын ижил төстэй үйл ажиллагаа бүхий сургалтын байгууллагуудтай харилцан туршлага солилцож, багшийн хөгжлийг дэмжин ажиллах
  • Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гар урлал, уран зураг, техник технологи, чимэглэх урлагийн чиглэлийн цуврал теле хичээл, ярилцлага, нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн хүртээл болгох

Дээрх зорилтуудын хүрээнд жил бүр байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, Нийслэлийн Засаг даргын баталсан төлөвлөгөөний дагуу зорилтыг ханган ажиллаж байна.

ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ

Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь хүүхэд багачуудыг мэргэжлийн чиг баримжаатай болгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадвартай болгох зорилгоор дараах сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулж байна. Үүнд:

  • Анхан шатны сургалтын анги                        3 анги                          
  • Уран зураг                                                       3 анги
  • Чимэглэх уран зураг                                       1 анги           
  • Хүүхэлдэй, бэлэг дурсгал                               2 анги                        
  • Сүрлэн сүлжмэл                                              2 анги                        
  • Сүрлэн наамал                                                1 анги
  • Баримал, керамик                                           1 анги
  • Уран хайчилбар                                               1 анги
  • Шүрэн урлал, хүүхэлдэй бэлэг дурсгал         1 анги
  • Арьсан урлал, уран дархан                            1 анги
  • Хувцас дизайн                                                 1 анги
  • Нисэх онгоцны загвар зохион бүтээх             1 анги
  • Авто машины загвар зохион бүтээх               1 анги
  • Уран бичлэг                                                      2 анги
  • Уран сийлбэр                                                   2 анги