ТОВЧ ТҮҮХ
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь Монгол Улсын Ардын багш, шилдэг зохион бүтээгч, хүндэт доктор, профессор Бавуугийн Цэрэндоржийн санаачилгаар, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1988 оны 9-р сарын 01-ны өдрийн 216 дугаар тогтоолоор пионер сурагчдад хөдөлмөрийн хүмүүжил, мэргэжлийн чиг баримжаа олгох, тэдний зохион бүтээх, урлах авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор “Пионер сурагчдын сургалт үйлдвэрлэлийн төв” нэртэйгээр анх байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан 1993 онд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нэртэй болж, одоог хүртэл хүүхэд багачуудын авьяас чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх, амьжиргааны арга ухаанд сургах, мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөр гоо зүйн хүмүүжил олгох зорилгоор дүрслэх урлаг, техник технологийн чиглэлээр сургалт явуулж, нийт 10000 гаруй хүүхэд багачуудыг өөрсдийн хүсэл сонирхлынх нь дагуу зохих мэдлэг, чадварыг эзэмшүүлж, сурган төгсгөөд байна.
Манай төвийн барилга нь анх 1958 онд ахмад архитектурч Б. Дамбийнямын хосгүй гайхамшигт зураг төслөөр баригдсан барилга бөгөөд сонгодог архитекторын шийдэл бүхий түүх соёлын бахархалт өв тул гадаадын зочид төлөөлөгчдийн заавал сонирхож үзэх газрын нэг билээ. Төр, олон нийтийн зүтгэлтэн, гадаад орны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, зохион байгуулагдаж буй үзэсгэлэн уралдаан, хийсэн уран бүтээлийг нь үзэж, монгол хүүхдийн авьяас чадвар, нөөц бололцоо, ур ухааныг гайхан биширдэг.
Иймд бид Монгол улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа хөгжлийг дэмжиж, тэдний авьяас чадварыг нээн хөгжүүлэх, зөв чиглүүлэх, арга техникт сургах замаар мэргэжлийн чиг баримжаа олгож, өв соёлоо дээдэлдэг бүтээлч монгол хүүхэд бүрийн төлөө хичээн ажиллаж байна.
ҮНДСЭН ҮЙЛЧИЛГЭЭ
Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төв нь хүүхэд багачуудыг мэргэжлийн чиг баримжаатай болгох, тодорхой түвшний мэдлэг, ур чадварыг эзэмшүүлэн өөрийн орны болон дэлхийн урлаг, соёлын өв уламжлал, шинжлэх ухаан, техникийн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан гар урлал, техникийн, оюуны бүтээл туурвих хүсэл эрмэлзэл, чадвартай болгох зорилгоор дараах сургалтуудыг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ явуулж байна. Үүнд:
- Уран зураг /Анхан шат/
- Уран баримал /Анхан шат/
- Гар урлал /Анхан шат/
- Монгол уран бичлэг /Анхан шат/
- Уран зураг-Хар зураг
- Уран зураг
- Монгол зураг
- Уран баримал
- Уран зураг-Уран хайчилбар
- Уран хатгамал
- Сүрлэн наамал
- Сүрлэн сүлжмэл
- Хүүхэлдэй бэлэг дурсгал
- Шүрэн урлал, бэлэг дурсгал
- Монгол уран бичлэг
- Монгол уран бичлэг-Хулсан үзэг
- Арьсан урлал
- Хувцас загвар
- Дизайн урлаг
- Эко гар урлал
